Бүр эрт Хүннү нар Хятадаас хил тусгаарлаж, тэр хилээ байнгын харуул манаатай байлгаж, харуулын байрыг нь “Оуто” гэж нэрлэж байсныг өртөө, отог, орд гэж тайлбарладаг бөгөөд Дунхутай хил нийлсэн газраар Хүннүгийн харьяа бүхий, хүн оршин суудаггүй мянга гаруй мод газар байжээ. Аль аль нь өөр өөрийн хилээр нутаглаж “оуто” болгодог… байв.. Дунху-гийн эзэн нь Модунь Шаньюйд элч илгээн хэлүүлсэн нь: “Манай хилийн чанад Хүннү-гийн харьяанаа буй эзэнгүй газар нь Хүннү нар үл хүрэх газар. Бид түүнийг авахыг хүснэ” гэжээ. Модунь түшмэдүүдтэйгээ зөвлөлдөхөд зарим нь “энэ бол хаягдсан газар, өгөхөд ч болно. Өгөхгүй байхад ч болно” гэжээ. Модунь тэсгэлгүй уурлан “Газар бол улс орны үндэс мөн. Хэрхэн өгч болно хэмээгээд, өгнө хэмээгсдийн цөмийнх нь толгойг аваад мориндоо мордож, мөн хоцрогсдын толгойг авна хэмээн зарлиг буулгажээ. Ингээд дорно зүг аялан Дунхуг гэнэт дайрчээ. Тэд Модунийг үл тоомсорлож байсан тул бэлтгэлгүй байв. Модунь цэрэглэн очоод Дунху-гийн ванг бут цохиод харъяат ард, мал хөрөнгийг нь олзлон авчээ. /Шицизи 1 боть, 16 дахь тал/ -Мөн гэргийгээ өг… гэхэд нь харийн хаанд өгч явуулаад, аргамаг хүлгээ өг… гэхэд нь бас илгээгээд, эцэст нь газар нутгаа өг… гэхэд нь “газар байгаа цагт эхнэр, аргамаг хоёр олдоно. Газраа өгвөл надад юу үлдэх билээ” хэмээн дайлаар мордож, дайснаа дарсан гэж, их хаан Модунь Шаньюй-н тухай түүхэнд тов тодорхой бичиглэн үлдээснийг бүү мартагтун. Чингис хаан яах гэж дөрвөн зүг, сүвлүүлж, тарчлан зовж амиа алдав?… Газар нутгаа та бидэнд үлдээх гэж… -Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, да лам Цэрэнчимэд яагаад бусдад хорлогдов? Газар нутгаа та бидэнд үлдээх гэж… -Нацагдорж та бидэнд гэрээслэн үлдээв?.. “Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг, Өстөн дайсан халдвал үтэр өшиглөн хөөнө Өсөхөөс сурсан үндсэн хэл, мартаж болшгүй соёл, Үхтэл орших төрөлх нутаг, салж болшгүй орон” гэж…сануулжээ. -“Бяцхан сумаар том хөлөг онгоцыг цоо буудаж болно” гэж Дагестаны тусгаар тогтнолын төлөө 25 жил ард түмнээ удирдан тулалдсан Шамиль хэлжээ. Тиймээ, өнөөдөр хуулийн бяцхан цоорхойгоор Монгол Улсын тусгаар тогтнол, монгол үндэстний аюулгүй байдлын “баталгаа” элсэн цаг шиг урссаар л байна. “Хуулийг тэнэгүүд хэлэлцэж, хэрвээ тэр нь батлагдвал ухаантай хүмүүс ч дагахаас өөр аргагүй болдог” гэж нэгэн гүн ухаантан сануулжээ. Монголын тусгаар тогтнолд аюултай “тэнэг хууль” батлагдах гэж байна.
|