Гал үндэстэн

. 2011-04-30 - Урт нэртэй хууль руу урт хуруугаа гозойлгож байна гэн үү

Урт нэртэй хууль руу урт хуруугаа гозойлгож байна

2011 оны 3 сарын 18
“Бороо гоулд” компанийн захирал Жон Казакоф монголчуудад “Танай Засгийн газар бидний үгээр ажилладаг юм шүү” гэж хэлж байсан. Үнэндээ тэрээр урт нэртэй хуулийн өөдөөс урт хуруу гозойлгож байгаа нь тэр. Хуулийн өөдөөс гаргаж байгаа энэ хуруу бол гадаадынх. Усны эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал олборлохыг хориглох тухай хууль жинхэнэ утгаараа хэрэгжээд эхэлбэл “Бороо гоулд” мэтийн компани ажиллах үндэсгүй, Монголд гишгэх газаргүй болно. Сая савар нь хүүлдэг ашгаа алдана. Тийм учраас тэд урт нэртэй хуулийг мөрдөхгүй. Ерөнхий сайд С.Батболд ч үгнээс нь гарахгүй болохоор тэд нүүр бардам урт хуруу гозойлгочихоод пээдийж байгаа биз. Үгнээс нь зөрдөггүй манай Ерөнхий сайд ямар сайндаа л танхимынхаа сайдаар урт нэртэй хуулийн чөдөр тушаа хийхэв. Бүтэлгүйтэхээр нь бүр хуулийг нь өөрчлөөд халгаатай заалтуудыг авч хаяхаар Засгийн газраараа хэлэлцээд авсан гэж байгаа.


С.Батболд Ерөнхий сайд канадуудын далласан газар ил гарч, далайсан газар нь далд ороод байгаад шалтгаан бий. Яагаад гэвэл тэр “Бороо гоулд”-ыг канадуудад авч өгсөн түүхтэй. Түүхийг нь эргэн сөхвөл юуны төлөө Ерөнхий сайд болсон билээ ач тусыг нь одоо хариулахаас ч аргагүй юм билээ. Засгийн газар 1995 онд “Алт” хөтөлбөрийг боловсруулчихаад Бороогийн орд газрыг ашиглах нээлттэй тендер зарласан. Тендерт гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай “Ажнай”, “Эр-Ши-Жу”, “Каскадиа”, “Алтай трейдинг” зэрэг компани өрсөлджээ. Эднээс одоогийн Ерөнхий сайд С.Бат-болдын “Алтай трейдинг” компани шалгарсан байгаа юм. Сайндаа ч биш тухайн үеийн Ашигт малтмалын газрын даргатай тохиролцож чадсан учраас энэ эрхийг олж авсан гэх юм билээ. Ингээд хөрөнгө оруулагч хайж, Канад, Австрали, Япон гээд хэд хэдэн орны компаниудад санал тавьсан ч талаар өнгөрчээ. Томоохон хөрөнгө оруулагчид түүнийг үл ойшоон, хөрөнгө оруулахаасаа татгалзсанаар ажил нь бүтэлгүйтэж уруудаж явах үед нь аз болж канадууд тааралдаж. Тухайн үедээ төслөө канадуудад тоолгох гэж их хүчин чармайлт гаргаж хөөцөлдсөн гэдэг юм билээ. Ингэсний хүчинд сая нэг юм Монгол-Канадын хамтарсан “Бороо гоулд” компанийг байгуулж лицензээ шилжүүлсэн байдаг. Арга ядаж, толгойгоо гудайлгаж явахад нь нааш харж гараа сунгасан канадуудынхаа ачийг хэдэн үедээ ч мартахгүйн учир энэ. С.Батболд лицензээ канадуудад шилжүүлчихээд “Бороо гоулд” компанийн хувьцааны таван хувийг эзэмшихээр болсон юм. Компани 500 гаруй сая ам,долларын ашигтай ажиллалаа гэхэд л манай эрхэм Ерөнхий сайд зүгээр сууж байгаад 25 сая ам.доллар халааслаад суудаг гэсэн үг.

“Бороо гоулд” компани бий болсноосоо хойш Монголын хавтгай дээр туйлж, давуу эрх дарх эдэлж эхэлжээ. С.Батболд Ашигт малтмалын тухай хуулийг “Бороо гоулд” компанид ашигтайгаар өөрчилсөн Мөн тус компанитай манай Засгийн газар тогтвортой байдлын гэрээ хийсэн. Энэ нь 2013 он хүртэл хүчин төгөлдөр үйлчлэхээр байв. Гэрээг анх хийхдээ “Бороо гоулд” компани эхний гурван жил татвараас 100 хувь, дараагийн гурван жил 50 хувь чөлөөлөгдөх хөнгөлөлт үзүүлсэн юм. Энэ хугацааг дуусвал тус компани манайд татвараа бүрэн төлөөд явахаар тусгасан байлаа. Ийм маягаар Бороогийн ордыг 40 жил ашиглана хэмээн тооцоолсон. Үүний хариуд “Бороо гоулд” компани манайд жилд арван тонн алт ухах хүчин чадалтай үйлдвэр байгуулж өгөхөөр болсон юм. Харамсалтай нь “Бороо гоулд” компани ердөө дөрөвхөн жилийн дотор эзэмшсэн газар доорх бүх алтаа ухаад авчихсан. Манайхны их юм бодож байгуулсан гэрээг хөсөр хаяж, дөрөвхөн жилийн дотор хамаг алтыг нь цөлмөж монголчуудад молиго үмхүүлсэн байгаа юм. Хэрэв “Бороо Гоулд” компани ийм дархан эрх эдлээгүй байсан бол улсын төсөвт 160 тэрбум, гэнэтийн ашгийн 68 хувийн татвар төлсөн бол улсын төсөвт жилд 10 тэрбум төгрөг оруулахаар байсныг мэргэжлийн хүмүүс хэлдэг юм билээ. Одоогийн Ерөнхий сайд нэг иймэрхүү маягаар канадуудад тал засч зусарджээ. Мэдээж хэрэг тэдний хооронд өгсөн, авсан, ярьсан юм байдаг л байлгүй. Тэглээ гээд бүхэл бүтэн улс, ард түмнийг хохироож, байгаа баялгийг нь цөлмөх эрх байхгүй. Засаг толгойлж яваа хүн нь ийм байхад Ж.Казакофын Монголын хуулийн өөдөөс урт хуруу гозойлгох юу ч биш биз. Хоногийн хоолгүй гуйлгачин түүлгэчнээр дүүрсэн Монголыг сайн сайхан болгоно гэж засгийг нь толгойлчихоод өөрөө түнтийтлээ баяжин төрөөс төрсөн тэрбумтнаар тодроод сууж байхаасаа огтхон ч санаа зовдоггүй юм болов уу. Уг нь ийм үед зөв бодолтой хэний ч хоолойгоор нь хоол давахгүй баймаар юм. Гэвч үгүй юм. Дэлхийд гайхагдах нөөцтэй том ордуудыг ашиглах нэрийдлээр гадны баян хөрөнгө оруулагчидтай сүжрэх юм. Саяхны нэг жишээ гэхэд л Ерөнхий сайд Сингапур улсад айлчлал хийснийхээ дараа Тайландад гэр бүлээрээ амарчээ. Харийн дулаан оронд алжаалаа тайлж суусан манай Ерөнхий сайдад “Айвенхоу майнз”-ын захирал Р.Фрийдланд бараалхан уулзаад явсан байна? Ноён Р.Фрийдланд түүнд хувийнхаа онгоцоор үйлчилсэн тухай эх сурвалж хэлж байна. Тэд чухам юу яриад, тас тус тохиролцоод авсан юм билээ, хэн мэдлээ. Магадгүй манай Ерөнхий сайд өөрт ашигтай нууц хэлэлцээрүүдээ иймэрхүү маягаар хийж явдаг бололтой.
 


:: Найздаа илгээх ::

Миний тухай

ЗӨВ СЭТГЭЛТЭЙ БОЛ ХЭН Ч ЭХ ОРОНДОО ГОЛОГДДОГҮЙ ЮМ

Сүүлийн бичлэгүүд

. Урт нэртэй хууль руу урт хуруугаа гозойлгож байна гэн үү
. Тайваны цөмийн хаягдлыг Оросууд Монголд булна гэнэ шүү?
. Монголд цөмийн хаягдал булшлах уу?
. Хязгааргүй устгал энгийн хэлбэр
. Хязгааргүй дайны хэрэгсэл
. Ү ндэсний аюулгүй байдал ба Таван толгой
. Урааны сургамж
. Засаж болохгүй алдаа
. БИДНИЙГ БАЛАЙРЧ БАЙХ ХООРОНД…
. Өнөөдрийг хүртэл хэрэгжсээр байгаа дундад улсын хорт бодлого.
. Энийг хардаа арайчдээ
. өдөрт 3-4 хүн зүй бус нас барж байна
. Монголчуудаа уриалах
. Заавал уншаарай
. Эх орондоо эзэн нь байцгаая

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 1 » Нийт: 23
Өмнөх | Дараагийн